Tuesday, February 24, 2015

Эргэн харахуй & Худалдагдсан мэдээллийнхэн & Бидний интернэт аюулын ирмэгт

Эргэн харахуй & Худалдагдсан мэдээллийнхэн & Бидний интернэт аюулын ирмэгт
2014-09-04
Монголын төр-бизнесийн-бүлэглэл нь олон улсын цөмийн хог хаягдлыг өөрийн нутагтаа хүлээн авахаар яригдаж буй тухай Global Security Newswire вэб сэтгүүл 2011.03.30-нд мэдээллэж [1], энэхүү мэдээг 2011 онд Монгол талаас ул суурьтай, үндэслэлтэйгээр гарган тавьсан нь Anti Nuclear Movement of Mongolia (www.golomt.org) бөгөөд [2] цөмийн аюулын хор хохирлыг мэдэн, ухаарсан иргэд интернэтээр нэгдэн нийлсэнээс хойш даруй 3 жил 6 сар өнгөрчээ. Тиймээс интернэтээр өөрийн үзэл санаагаа нийтлэх, эвлэлдэн нэгдэх, интернэт орчны эрх чөлөө, аюулгүй байдал бидэнд тун чухал.
Цөмийн хорт хог хаягдал, хяналт зохицуулалтгүй уул уурхай, газар нутгийн бүрэн бүтэн байдал, санхүү, эдийн засгийн буруу бодлого гээд иргэд бидний хөндөн гаргаж буй асуудал багассангүй, харин өдөр бүр нэмэгдсээр. Энэхүү хугацаанд зарим хэвлэл, мэдээллийн компаниуд эсрэг мэдээллийг цацах эсвэл үнэнийг нуун дарагдуулах, мушгин гуйвуулж байсан, байсаар ч байна.
Төлөөллийн ардчилал гэдэг нь төрийг ард түмэн өөрийн сонгогдсон төлөөлөгчөөр дамжуулан барих бөгөөд хэвлэл, мэдээлэлийн салбар нь төр, засгийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллийг төрийн эрхийг баригч ард түмэнд нь хүргэдэг. Гэвч өнөөдөр байдал эсрэгээр эргэж, төр-засаг-бизнесийн бүлэглэл нь хэвлэл мэдээллийг худалдан авч, өөрийн суртал ухуулгын талбай болгож байгаа талаар мэдээллэжээ [3] . Энэхүү мэдээлэлд “хэдэн сарын өмнөөс Засгийн газар хэвлэл мэдээллийн салбар луу олон сая төгрөг шилжүүллээ гэсэн яриа чих дэлсэж [эхэлсэн...]. Гэтэл тэр цуу яриа үнэн болохыг батлах баримтууд гарч ирж олдсоор байна. [...] хаалтын гэрээний эсрэг хийж буй тэмцлийн маань хариуд [...]. Далд дайралтууд, элдэв явуургүй гүтгэлгүүдийг хэвлэлийн салбарт бохир бизнес хийж байгаа бүлэглэлийн зүгээс өнөөг хүртэл тасралтгүй явж байгаа. Зөвхөн энэ 2014 онд гэхэд Засгийн газар хэвлэл мэдээллийн салбарт [...] 27 байгууллагатай нийт үнийн дүнгээр 390.000.000 сая төгрөгийн хаалтын гэрээг хийжээ. [...] Засгийн газрыг төлөөлж ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр нар гарын үсэг зурцгаасан байна.” [4] гэжээ.

Хэвлэл, мэдээллийн байгууллагыг үзэл суртлын ухуулагч болгон худалдан авахаас гадна, интернэт орчныг хаах, хязгаарлах, боох ажиллагаа нэн идэвхижиж байгааг доорх жишээнүүд харуулж байна.
• Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос (ХХЗХ) 2013.02.27-нд баталсан “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-д сэтгэгдэлд хориотой 700 гаруй үгийн жагсаалт гэх зүйлийг багтаахыг оролдсон ч, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, буцаасан хэдий ч журмын бусад хэсгийг хэвээр баталсан байна. Энэхүү хориглохыг хүссэн үгийн жагсаалтанд “758. Цацрагын хог хаягдал, 748. жагсая, 749. цуглая, 750. эсэргүүцье, 650. хүнд суртал, 220. авилга” гэх мэт үг багтсан байв.
Энэхүү хорооны баталсан “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” [5] гэх тогтоолд вебсайтын үйлчилгээ эрхлэгч нь “зохицуулах хорооноос ажиллуулж байгаа үгийн шүүлтүүр программыг заавал ашиглах” ба хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэл дээр IP буюу интернэт хаягийг байршуулах ёстой гэжээ. Иргэдийн шүүмжлэлийн дүнд нийт 200 үг болон багасч, өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна. Ямар шүүлтүүрийн программ, ямар үгсийн тухай яриж буй нь тодорхойгүй хэвээр.
Нэгэн иргэн 11-11.mn вебсайтад хандан, засгийн газарт дээрх асуудлаар санал явуулсан байх бөгөөд тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлах илт санаа агуулсан тухай шүүмжлэхэд, ХХЗХ мэдэн будилан, “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;" нь иргэн бүрийн ҮНДСЭН үүрэг байдаг“[6] хэмээн тэрхүү иргэний асуулттай хамааралгүй хариу өгч, дээрх үгүүд албан жагсаалтанд байхгүй хэмээн сэдвийг хаасан байна.

• Удаах асуудал бол интернэт орчинд ил хаалт, хяналт, шүүлтүүр тавихаас гадна жирийн иргэдийн тэр бүр мэдэхгүй зүйлсрүү халдаж байгаа талаар сүлжээний мэргэжилтэн блогчид бичиж байна. Нэгэн блогчины хэлснээр “интернет сүлжээний зүрх” [7] болсон DNS буюу Domain Name System-ийг энэхүү хорооны шаардлагаар интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниуд блоклодог болсон ч, энэ асуудал тэр бүр иргэдийн сэтгэл зовинилийг төрүүлэхгүй байгаад санаа зовж буйгаа дурьджээ. DNS блоклодог улсууд жишээ нь авторитер дэглэмт Хятад болон дайн дажинтай, дарангуйлагчтай орнуудад байдаг гэжээ.
Тэрбээр бичихдээ “Хэдэн өдрийн өмнөөс миний хэдэн төхөөрөмж маань огт интернет орохгүй болчихдоо жаахан гайхаж юу болов гээд шалгаад үзвэл ISP маань ашиглаж байгаа DNS /Google DNS/-ыг минь хаасан байх юм. ISP-гаасаа яагаад ийм юм болоод байна гэж асуувал “Монголын Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирсэн албан тоотын дагуу DNS ийн block ийг хийсэн байна зөвхөн манайх биш Монголын бүх компаниуд DNS ийн block-ийг хийсэн байгаа" гэсэн хариу хэлэв. DNS бол интернет сүлжээний зүрх нь юм шүү дээ!. [...] мэдээллийн аюулгүй байдал болон зохиогчийн эрх нэрээр биднээс интернетийн эрх чөлөөг минь булаан авчихлаа.“ гэв. [8] Тэрбээр цаашаа “[...] бүхэл бүтэн улсын интернетийн урсгал шүүлтүүртэй болчихоод, тэрийг нь ХХЗХ гэх газар дураараа хааж, нээж нийт Монгол иргэдийн эрх ашгийг зохиогчийн эрх, оюуны өмч хамгаалах нэрээр халхлан зөрчөөд байхад. Өнөө л улиг болсон сэтгүүл зүйн эрх чөлөө алга гэж ярих. Үнэндээ өнөөдөр иргэдэд нь тэр үнэн зөв мэдээллийг чинь авах эрх чөлөө байхгүй болчихоод бай[на]“ [9] гэжээ.

Одоогоор блоклогдсон 172 вебсайтуудыг эндээс харж болно: ХХЗХ-> Тусгай зөвшөөрөл, зохицуулалт -> Контент -> Вебсайт -> Зөрчилтэй вебүүдийн жагсаалт буюу http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=120&did=0
• Интернэтийн орон зайд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг, бусадтай харилцан санаа оноогоо хуваалцдаг хүмүүс мөн анхаарлаа хандуулах ёстой зүйлийг сэтгүүлч Лиза Гарднер бичиж[10], УИХ-ын гишүүн асан Д.Энхбат твиттертээ цацжээ[11] .

Энэ нь Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дээрх “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-т шинэ заалт нэмж, дурын вебсайтыг эзэмшигчидэд, хэрэглэгчдэд нь мэдэгдэлгүй шууд хаах эрх мэдлийг энэхүү байгууллагат өгсөн заалттай хуулийн төсөл боловсруулж байна гэсэн мэдээ юм.
• Бид бүхний дараагийн анхаарлаа хандуулах ёстой зүйл бол иргэн Ц.Бат твиттерийн бичлэгүүдээсээ болж, 100 хоног шоронд хоригдож буй явдал юм [12]. Ардчилсан, хүнлэг гэх нийгмийн тогтолцоонд ард түмэн төрийн эрхийг барих бөгөөд иргэний заяамал эрхийг төрийн албан тушаалтаны дарангуйлал болон бусад халдлага, дарангуйлалаас хамгаалах зорилго, хүсэлтэй нийгмийн систэм. Энэхүү нийгмийн систэмд байгалиас заяасан эрх чөлөөг түр хугацаагаар хязгаарлах нь төрөөс иргэнийхээ эсрэг үзүүлж болох хамгийн том шийтгэл. Боломжит бүхий сануулга, арга хэмжээний хамгийн эцэст хийх алхам бол шорон. Европын холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгч дээрх иргэний шийтгэлийг буруушаан, Монголын нийгэмд сөрөг үр дагавар, нөлөөлөл үзүүлж эхлэх вий гэдэгт санаа зовж байгаагаа мэдэгджээ. [13] Төрийн албан тушаалтануудад санал хүргүүлэх, хуулийн хэрэгжилтэнд шаардлага тавьсан иргэдийг хориж, урт хугацаагаар яллаж буй тохиолдол өмнө нь гарсныг та бүхэн мэднэ.

Интернэтээр дамжуулж бид бүхэн мэдээлэл солилцож, холбогдон нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байна. Тэр тусмаа бид интернэт сүлжээгээ хамгаалж, сонор сэрэмжтэй, аливаа тогтоол, тушаалыг шүүмжтэй хардаг, улс орныхоо амьдрал, шийдвэрт идэвхийлэн оролцдог болох цаг аль хэдийн ирчихээд өнгөрөх гэж байгаа юм биш бизээ! Галт тэрэг хөдлөхөөс өмнө...
1.Grossman, E.M., “Mongolia might store foreign spent nuclear fuel, senior U.S. official says”, in: Global Security Newswire, 2011.03.30, http://www.nti.org/gsn/article/mongolia-might-store-foreign-spent-nuclear-fuel-senior-us-official-says/
2. Амарлин, Э., “Цөмийн хаягдал хаях нь үнэн”, in: Голомт.орг, 2011.05.09, http://golomt.org/2011/05/09/hayagdalunen/#more-1147
3. Ганчимэг, “Засгийн газар хэвлэлүүдийн амыг 390 сая төгрөгөөр үдсэн нь батлагдлаа”, in: baabar.mn, 2014.09.04, http://ganchimeg.niitlelch.mn/content/6344.shtml
4. мөн тэнд, http://ganchimeg.niitlelch.mn/content/6344.shtml
5. Харилцаа холбооны зохицуулах хороо, “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, 2011.08сар, http://www.crc.gov.mn/main.php?cid=2&do=6&did=129
6 Шинэчлэлийн засгийн газар 1111 төв, “Санал №1303207506“, http://11-11.mn/ticket/1303207526/
7. Ж.Наранбат, “Би хаана байна аа Хятадад уу?”, http://jnaya.com/post/37092130966/dns
8.Ж.Наранбат, “Би хаана байна аа Хятадад уу?”, http://jnaya.com/post/37092130966/dns
9. Ж.Наранбат, “Тэр харж байгаа биз ингэх гээд байсан юм!!!“, http://jnaya.com/post/91257209279
10.Lisa Gardner, “the CRC may immediately block the website’s operation in Mongolia without notice“, 2014.08.22, https://twitter.com/leesebkk/status/502737914061524995
11.Д.Энхбат, “Ямар ч вэб сайтыг урьдчилан мэдэгдэлгүйгээр хаах төсөл“, 2014.08.22, https://twitter.com/enkhbat/status/502754581432913920
12. Ц.Бат, https://twitter.com/batengineer
13. OSCE, “ Criminal libel conviction of blogger in Mongolia unacceptable, says OSCE Representative“, 2014.08.26, http://www.osce.org/fom/122969
(8 photos)

No comments:

Post a Comment