Tuesday, February 24, 2015

Хариугаа хүлээсээр

February 12 · Edited
Хариугаа хүлээсээр

2015-02-12

"Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буй Босоо Хөх Монгол ТББ, Ноён уулаа аварцгаая үзлийн доор нэгдсэн нутгийн иргэдийн өлсгөлөн үргэлжилж байна.

Залуусын үйл ажиллагааг дэмжиж байгууллагууд хөнжил гудас хандивласан тохиолдол байхад Сэлэнгэ аймгаас зөгийн бал авчирч өгсөн иргэд ч байна. Өвөрхангай аймгийн малчидын төлөөлөл ирж мөн нэгджээ.

Хажуугаар нь өнгөрөхдөө хандивын хайрцагт нь 500,1000 төгрөгөөр үйл хэргийг нь дэмжиж хандив өргөж байгаа залуус ч байна. Гарын үсгээ зурж, үзэл бодлоо солилцож буй хүмүүс ч байна. Огт харалгүй хурдан шуурхай алхан өнгөрөх нэгэн ч байна.

Сэлэнгэ нутгийн иргэд УИХ-д илгээсэн төлөөлөгчөөсөө яагаад асууж, шаардлага тавихгүй байгаа юм? Буруу зүйлийг нь таслан зогсоох Сэлэнгэчүүдийн дуу хоолой алга гэж шүүмжлэх, санаа хэлэх хүмүүс ч байна.

Монгол улсын өнгөрсөн 25 жилийн түүхэнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх л боломжтой болсон ч хэлсэн үг, бодсон бодол цуурай мэт үр дүнгүй, бусад эрх, боломжууд хумигдан, улс орны тусгаар тогтнол алдагдаж байгаа тул үүнд санаа зовож байна гэх иргэд ч иржээ. Учир нь тэд 1989 онд бас л жагсч байсан гэнэ.

Энэ мэт олон олон хүн тэднийг дэмжиж байгаад тэд баярлаж байна.

Бидний гэр Монгол улсынхаа төлөө бурууг зогсоодог, зөвийг дэмждэг зориг зүрхээ бүгдээрээ сэрээцгээе!

No comments:

Post a Comment